Дэлхийн банкны санхүүжилтээр ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төcлийн хүрээнд “Алслагдсан орон нутагт амьдарч буй Казах иргэдийн цар тахлын урьдчилан сэргийлэлт, хяналтын талаарх чадавхыг бэхжүүлэх арга хэмжээ”-ний цахим уулзалт боллоо.
“Дэлхийн зөн Монгол” ОУБ энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд цахим уулзалтад Дэлхийн Банкны төсөл хэрэгжүүлэх нэгж, Баян-Өлгий, Ховд аймгуудын удирдлага, ажлын хэсэг, хамтрагч байгууллагууд, ИНБ-ууд болон орон нутгийн хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцов.
Уулзатын үеэр Дэлхийн банкны санхүүжилттэй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төcлийн 1-р бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч, сургалтын дотоод зөвлөх Л.Дэлгэрзул төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга, ХӨСҮТ-ийн мэдээлэл харилцааны мэргэжилтэн М.Ариунмарал “ДЭМБ-ын хөндлөнгийн хамтарсан үнэлгээгээр Монгол улсын эрсдлийн мэдээлэл харилцаанд өгсөн үнэлгээний тухай” танилцуулга хийсэн. Мөн Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият, Ховд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Дорж нар хамтран ажиллахаа илэрхийллээ.
Алслагдсан орон нутагт амьдарч буй иргэдийн цар тахлын урьдчилан сэргийлэлт, хяналтын талаарх чадавхыг бэхжүүлэх зорилготой энэ арга хэмжээ 2023 оны 11 дүгээр сараас эхэлж 6 сарын хугцаатай хэрэгжих юм.