Эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө

Дэлхийн банкны санхүүжилтээр Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлж буй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд түргэн тусламжийн таван автомашиныг АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлэгт тус тус хүлээлгэн өглөө.

Эдгээр автомашинууд нь Тоёота Хайс загварын, 2023, 2024 онд үйлдвэрлэгдсэн олон улсын стандартын дагуу яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай зөөврийн амьсгалын аппарат, хяналтын монитор, гэмтлийн үед өвчтөн тээвэрлэхэд зориулсан туслах хэрэгслүүд хүчилтөрөгчөөр хангах систем зэрэг бүх төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон аж.

АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн Ерөнхий захирал М.Адилсайхан “АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэг нь бүсийн хүрээнд Баянзүрх дүүргийн 15 хороонд яаралтай түргэн тусламж үзүүлдэг бөгөөд мөн 28 төрлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэн ажиллаж байна. Одоогоор манай эмнэлэг нэг түргэн тусламжийн автомашинтай. Иймд энэхүү төслийн хүрээнд хүлээлгэн өгч байгаа түргэн тусламжийн автомашинууд нь манай эмнэлгийн үйл ажиллагаанд чухал хэрэгцээтэй юм. Тэр дундаа энэхүү автомашинууд нь нэн хүнд өвчтөнийг тээвэрлэх боломжийг бүрдүүлсэн бүрэн тоноглолтой гэдгээрээ их онцлогтой юм” хэмээв.  

Уг төслийн хүрээнд туулах чадвар өндөртэй 75 түргэн тусламжийн автомашиныг 2025 оны нэгдүгээр сард багтаан сумын эмнэлгүүдэд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж.

 

НИЙТЭЛСЭН: 2024-05-02 өдөр 14:32:1 цаг