Дэлхийн Банкнаас 1 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилттэй хувийн хамгаалах хэрэгслийг гардуулан өглөө

Дэлхийн Банкнаас 1 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилттэй хувийн хамгаалах хэрэгслийг гардуулан өглөө

2021.04.01

Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын Ковид-19–өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төсөл 2020 оны 4 дүгээр сараас хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Ковид-19 вирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх, олон нийтийн оролцоог хангах, хүний нөөцийн хөгжүүлэх, эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмж, урвалж, хувийн хамгаалах хэрэгслээр хангахад үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Төслийн санхүүжилтийн хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн эмнэлгүүдийг амьсгалын аппарат, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах, Хан-Уул дүүргийн Эх хүүхдийн эрүүл мэндийн эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг зэрэг байгууллагуудад цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад нэн шаардлагатай тоног төхөөрөмж ханган ажиллаж байна. Үүний үр дүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оношлогоо эмчилгээ, өвчтөний асаргаа, лабораторийн хүчин чадал бэхжих боломж бүрдлээ. Үүний зэрэгцээ нэмэлт санхүүжилт болох 50.7 сая ам.долларыг төслийг Дэлхийн банкны захирлуудын зөвлөл 2021 оны 2-р сарын 11-ны өдөр баталсан. Тус санхүүжилт нь цар тахлын эсрэг вакциныг харьцангуй хямд өртгөөр, тэгш хүртээмжтэй нийлүүлэх, вакцины хүйтэн хэлхээг бэхжүүлэх, боловсон хүчний чадавх бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Дэлхийн банкны Цар тахлын онцгой байдлын сангаас 1 сая ам.долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн тэргүүн эгнээнд цар тахалтай нүүр тулж буй эмч,эмнэлгийн ажилчдыг эрсдлээс хамгаалахад зориулан хувийн хамгаалах хэрэгслийн багцийг өнөөдөр ЭМЯ-нд гардуулан өгч байна.

Хувийн хамгаалах хэрэгслийн багцад:

  • Нэг удаагийн бээлий- 4103000 ширхэг
  • Нэг удаагийн маск-218 000 ширхэг
  • Комбинзон  -36,000 ширхэг
  • N95 маск -28500 ширхэг
  • Нүдний шил - 6000 ширхэг
  • Нүүрний хамгаалалт -6000 ширхэг тус тус багтаж байна.

 “Монгол улсад КОВИД - 19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл’”-ийн Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж

Цахим хуудас: www.ehp.mn        Утасны дугаар: 7707 7793


 

НИЙТЭЛСЭН: 2021-04-01 өдөр 09:00:0 цаг