Цахим хуралд ажлын хэсгийн 18 гишүүд, цахим эрүүл мэнд төслийн мэргэжилтэн болон зөвлөхүүд 7, урилгаар лабораторийн мэргэжилтэн 2, “Эрүүл мэндийн өгөгдөл, мэдээллийн технологийн стандарт боловсруулах” багийн 1 гишүүн, нийт 28 хүн цахимаар холбогдож оролцлоо.
Ажлын хэсгийн ахлагч ЭМЯ-ны бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд цахим хурлыг нээж хэлсэн үгэндээ: “... Манай энэ ажлын хэсэг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл 9 удаагийн хэлэлцүүлэг хийж 15 цахим эрүүл мэндийн стандарт, журмын төслүүдийг хэлэлцсэн. Энэ ажлын хэсэгт эрүүл мэндийн салбарын бүх шатны эмнэлгийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Тухайлбал, сувилагч, бага эмч, өрхийн эмч, статистикч эмч, чанарын менежер, дүүргийн нэгдсэн эмнэлгийн орлогч дарга, эмнэлгийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга, улсын хэмжээний статистик мэдээ хариуцсан мэргэжилтэн, яамны бодлого хариуцсан мэргэжилтэн гэх мэт олон ажил, мэргэжлийн хүмүүс оролцож байгаагаараа онцлог юм. Мөн байгууллагын хувьд ӨЭМТ, Дүүргийн ЭМТ, дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын 3-р төв эмнэлэг, гэмтэл согог судлалын үндэсний төв, ЭМХТ, ЭМЯ-ны төлөөллүүд оролцож байна.
Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжиж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ төслийн хүрээнд “Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ”-ыг байгуулах олон улсын тендер зарлагдаж, үнэлгээ хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд Монгол улсын бүх “Иргэний эрүүл мэндийн цахим бүртгэл”-ийн санг бий болгож, Үндэсний Дата Төвд аюулгүй байдлыг ханган байршуулахаар төлөвлөж байна. Мөн сум, тосгон, өрхийн ЭМТ-ийг компьютерээр хангаж, эмч, мэргэжилтнүүдийг шинэ цахим системийн хэрэглээнд сургаж, цахим жор, цахим шилжүүлгийн үйлчилгээг орон даяар нэвтрүүлэхээр зорьж байна.
Энэ шинэ системийг бий болгож хэвийн ажиллагааг хангахад, олон улсын жишигт нийцсэн цахим мэдээллийн стандарт, журмуудыг боловсруулж нэвтрүүлэх шаардлага тулгарч байна.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр “Эрүүл мэндийн өгөгдлийн зөвлөх” Л.Хандсүрэн “Лабораторийн шинжилгээний үр дүнгийн техникийн шаардлага”-ыг 2 үндсэн чиглэлээр хэлэлцүүлэх болно. Үүнд:
Илтгэлийн дараа гишүүд асуултандаа хариулт авч, саналаа хэлсэн. Гишүүдээр шийдвэрлүүлэх 11 асуудлаар цахимаар санал асуулга явуулж, түүний үр дүнгээр болон гишүүдийн гаргасан саналын дагуу үр дүнгээр “Лабораторийн шинжилгээний үр дүнгийн техникийн шаардлага”-д нэмэлт өөрчлөлт оруулж, гишүүдэд цахим шуудангаар тарааж эргэн мэдэгдэхээр тохирсон.
Ажлын хэсгийн гишүүд 100 хувийн саналаар “Лабораторийн шинжилгээний үр дүнгийн өгөгдлүүд болон мэдээлэл”-үүдийг хангалттай гэж дүгнэсэн.