“ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТЫН ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
 
“ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТЫН ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
 
ЭМЯ-наас Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийг 2016 оноос хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд энэ оны 12 дугаар сарын 13-нд  Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр “Цахим эрүүл мэндийн сургалтын төв”-ийг нээж байна.
Энэхүү төвийг эрүүл мэндийн салбарыг цахим тогтолцоонд шилжүүлэхэд оролцох эмч, мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх зорилготойгоор байгуулж байна.
Эрүүл мэндийн салбар цахим тогтолцоонд шилжснээр үйлчлүүлэгчдийн оношилгоо шинжилгээний давхардлыг арилгаж, хөдөөнөөс хотод хүлээгдэлгүй шууд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, амбулаторийн үзлэг, эмнэлэг, сувилалд хэвтэн эмчлүүлж, сувилуулахад цахимаар урьдчилан өдөр, цагийг захиалах боломжтой болно. Мөн шинээр ажил, сургуульд ороход шаардагддаг эрүүл мэндийн тодорхойлолтыг цахимаар гаргана.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тус төвийг нээж: “Монгол улсын Засгийн газраас “Дижитал Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх санаачлага гаргаж, Эстони улс болон мэдээллийн технологи сайн хөгжсөн орны туршлагыг судлан төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хүнд суртал, авилга хээл хахуулийг таслан зогсоохоор ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх нь энэхүү зорилтыг хэрэгжүүлэх гол үйл ажиллагаа гэж үзэж байна. Энэ төвийг байгуулахад 35 зөөврийн компьютер, ухаалаг самбар, проектор, дижитал хувилагч зэрэг сургалтын тоног төхөөрөмж,   сургалтын тавилга хэрэгслээр хангаж, нийтдээ 150 сая гаруй төгрөгний санхүүжилт хийсэн” гэж хэлсэн.
Эрүүл мэндийн салбарын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд шаталсан мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулж, Улаанбаатар хотын дүүргийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг энэ төвд сургахын зэрэгцээ, хөдөө орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг алсын зайнаас вэб-д суурилсан онлайн сургалтыг мөн зохион байгуулах юм байна.
 
НИЙТЭЛСЭН: 2019-12-16 өдөр 11:55:5 цаг