ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ЦАХИМ ШИЛЖҮҮЛГИЙН СТАНДАРТЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2019.12.12
ЭМЯ-ны А танхим 10:00
Эрүүл мэндийн яамны бодлого төлөвлөлтийн газар, Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл хамтран 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Эмнэлгийн цахим шилжүүлгийн стандарт” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны болон Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, нийслэлийн эрүүл мэндийн газар, Улсын 3 дугаар төв эмнэлэг, Гэмтэл согог сэргээн судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЭМЯ-ны бүх газар хэлтэс зэрэг бүх шатны эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч нар оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр “Цахим эрүүл мэнд” төслийн зөвлөх Л.Хандсүрэн “Эмнэлгийн цахим шилжүүлгийн бизнессын үйл ажиллагаанд тавигдах шаардлага”, зөвлөх О.Мөнхбадрал “Эмнэлгийн цахим шилжүүлгийн техникийн шаардлага” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн.
Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд байгуулагдах “Эрүүл мэндийн салбарын мэдээлэл солилцооны платформ”-д энэхүү эмнэлгийн цахим шилжүүлэг нь нэг модуль нь болж хэрэгжих юм.
Хэлэлцүүлгийн үеэр олон үнэтэй чухал саналууд гарсан. Тухайлбал:
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн статистикийн бага эмч Ц.Намжилмаа: “Эмнэлгийн цахим шилжүүлгийн энэ стандартыг манай салбарт нэвтрүүлснээр ялангуяа анхан шатны эрүүл мэндийн байгууллага өрх, сумын эрүүл мэндийн төвөөс аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, лавлагаа шатлалын эмнэлгүүдэд өвчтнүүдийг шилжүүлж, оношилж, эмчлэхэд маш чухал ач холбогдолтой. Холын аймгаас Улаанбаатарт ирж эмнэлгээр явж, оношилгоо, эмчилгээ хийлгэхэд цаг хугацаа их, зардал ихтэй. Энэ стандарт хэрэгжснээр эмнэлэгт хэвтэх өдрөө шууд хөдөөнөөс хотод ирэх боломжтой болох юм байна. Энэ стандартыг аль болох түргэн нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна.”
Улсын 3 дугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Батдэлгэр: “Цахим шилжүүлгийн энэ стандарт, програм хангамжийг нэвтрүүлэхийг дэмжиж байна. Үйлчлүүлэгчид товлосон цагтаа ирдэггүй, энэ байдалд хариуцлагын зүйл оруулах нь зүйтэй.”
Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Сүнжидмаа: “Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд “Эрүүл мэндийн салбарын мэдээлэл солилцооны платформ” байгуулах болсонд, дүүргийн эмнэлэгт авсан зурган болон дүрсэн мэдээллийг цахимаар лавлагаа шатлалын эмнэлэгт дамжуулж шууд харах боломжтой болж байгаад техникийн дэвшил гэж харж байна, эдгээрийг эмнэлгийн практик шуурхай нэвтрүүлэх нь зүйтэй. Эмнэлгийн цахим шилжүүлэг нь зурган болон дүрсэн мэдээллийг мөн лабораторийн шинжилгээний үр дүнг хавсарган явуулахаар стандартад тусгагдсаныг дэмжиж байна. Эндээс дүүргийн эмнэлэгт хийсэн шинжилгээг дараагийн эмнэлэгт давтан иргэдийг чирэгдүүлдэг байдал арилна гэж харж байна.” зэрэг олон үнэтэй чухал саналууд хэлэлцүүлгийн үеэр дэвшүүлсэн.
ЭМЯ-ны Бодлого төвлөлтийн газрын дарга Р.Оюунханд: “Эмнэлгийн цахим шилжүүлгийн энэ стандартыг хэрэгжүүлснээр эмнэлгүүдийн хооронд үйлчлүүлэгчид хугацаа алдах байдал бүрэн арилна. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчийг хүлээн авах бүх эмнэлгүүд яг хэдийд хүлээн авахаа тодорхой өдөр, цаг, минуттайгаар Танд шууд мэдэгддэг болно. Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд “Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ” байгуулагсднаар эмнэлгийн бүх үйлчилгээ ил тод болж, иргэд танил талаа эрж хайх шаардлагагүй болно. Яамны зүгээс энэхүү стандартыг мөрдөж ажиллахыг дэмжиж байна.” гэж хэлэлцүүлгийг дүгнэсэн.
ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн алба.
НИЙТЭЛСЭН: 2019-12-16 өдөр 09:10:2 цаг
Хуваалцах