“Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих нь”
Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөлтэй хамтран Эрүүл мэндийн статистикч эмч нарт зориулсан “Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих нь” сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтад 21 аймаг, нийслэлийн  Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, ЭМЯ-ны харьяа Тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн нийт 90 мэдээллийн мэргэжилтэн-статистикч эмч нар оролцож байна.
Сургалт нь Эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтэн, статистикч эмч нарын цахим эрүүл мэндийн статистикийн чиглэлээр хэрэгжиж буй олон улсын стандарт, цахим эрүүл мэндийн тогтолцоо, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад шаардагдах мэдээ, мэдээллийг нэгтгэх, дүгнэх, боловсруулах мэдлэг чадавхыг дээшлүүлж, Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний түвшний эрүүл мэндийн үзүүлэлтүүд, тооцоолох аргачлалыг танилцуулах зорилготой байсан.
Эрүүл мэндийн мэдээллийн чиглэлээр ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн цахим эрүүл мэндийн талаарх мэдлэгийг дээшлүүлж, эрүүл мэндийн мэдээлэл цахим хэлбэрт шилжих бэлтгэл ажлыг хангахад дэмжлэг үзүүлэх юм.
Сургалтыг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Амаржаргал үг хэлсэн ба Эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтэн, статистикч эмч нарын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг цаашид анхааралдаа авч ажиллах талаар дурьдлаа.
Мөн ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлого, тогтолцооны шинэчлэл” илтгэл танилцуулж, эмч нарын асуултад хариулж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн.
ЭМЯ, ЭМХТ, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын мэргэжилтнүүд орчин үеийн олон улсын статистикийн чиглэлээр олон илтгэл тавьж хэлэлцүүлсэн.
Сургалтанд оролцогчид сүүлийн жилүүдэд хийгдээгүй үр дүнтэй сургалт зохион байгуулсанд талархлаа илэрхийлсэн.
“Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх нэгж.
 
НИЙТЭЛСЭН: 2019-11-28 өдөр 15:48:0 цаг