ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Монгол орны өнцөг булан бүрт, ялангуяа алслагдсан сумдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан түргэн тусламжийн 75 автомашины эхний 20 автомашиныг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр болж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийн  2.3.2.2-д “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх тогтолцоог бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэж тусгасан.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон эмнэлгийн түргэн тусламжийн машинаар сумдын эрүүл мэндийн төвийг хангах ажлыг хийж эхлээд байна.

“Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд нийлүүлж буй Toyota Land Cruiser 78 маркийн автомашин нь орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон.

Энэхүү бүрэн тоноглогдсон автомашин нь эрүүл мэндийн анхан шатны болон яаралтай тусламжийг түргэн шуурхай, газар дээрх үзүүлэх боломжийг нэмэгдүүлж байна.

Эрүүл мэндийн салбарын яаралтай тусламжийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх нь Монгол Улсын Засгийн газрын нэн тэргүүний зорилтуудын нэг юм.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа алслагдсан орон нутгийн иргэдэд түргэн шуурхай, цаг алдахгүй чанартай тусламж үзүүлэх бодлогыг баримталж байна. Цаашид Эрүүл мэндийн салбарт яаралтай тусламжийн тогтолцоог бэхжүүлэх тал дээр Дэлхийн банктай хамтран ажиллахаар төлөвлөж байна.  

НИЙТЭЛСЭН: 2024-10-01 өдөр 16:46:3 цаг