Дэлхийн банкны санхүүжилтэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй төcлөөс УГТЭ -т коронавирусийн эмчилгээнд нэн шаардлагатай “ECMO” аппарат хүлээлгэн өглөө

2021 оны 05 сарын 25-ний өдөр Дэлхийн банкны санхүүжилтээр ЭМЯ-наас Maquet Getinge брендийн Cardiohelp маркийн уушги орлуулах (ЭСМО) аппаратыг дагалдах хэрэгслийн хамт Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

УГТЭ нь 2021 оны 04 сарын 13-ны өдрөөс эхлэн коронавируст (Ковид-19) халдварын эрчимт эмчилгээний 20 ор, зайлшгүй эмнэлгийн нөхцөлд тусгаарлан эмчлэх шаардлагатай эмчлүүлэгчийн 80 орыг тус тус дэлгэн үйлчлүүлэгчдэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Хүн амын дундах коронавируст цар тахлын халдварын өвчлөлийн тоо нэмэгдэж суурь хавсарсан өвчний хүндрэл болон амьсгалын цочмог дутагдлаар хүндрэх эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед уушги орлуулах аппрат буюу ЭСМО эмчилгээг эрүүл мэндийн салбарт нэгээр нэмэгдсэн нь цаг үеэ олсон чухал үйл явдал болж байна. 

Дэлхийн банкны санхүүжилтэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол улсад Ковид 19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төcлийн санхүүжилтээр нийлүүлсэн ЭСМО аппарат нь эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн ISO13485, Чанарын менежментийн систем EN/IEC 60601 хангасан бөгөөд Австрали, Канад, Япон, АНУ болон Европын холбооны улсад хүлээн зөвшөөрөгдсөн аж.

Нийлүүлэгч талаас ЭСМО аппаратанд 24 сарын баталгаат хугацааг өгсөн бөгөөд энэ хугацаанд гарсан эвдрэл гэмтэл, бүхий л асуудлыг шийдэж өгөхөөр болжээ.

 

 

НИЙТЭЛСЭН: 2021-06-23 өдөр 13:38:5 цаг