Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар орлоо (2021.06.15)

Хуралдааны эхэнд “Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилттэй холбоотой хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн тус салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал болон цаашид авах арга хэмжээний талаар танилцуулав.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Д.Батлут нар эрүүл мэндийн салбарын байгууллагын мэдээлэл солилцох байдал зөрүүтэй, мэдээллийн давхардлыг арилгахаар хийж буй ажлын таалаар тодруулж, санал хэлэв. Ажлын хэсгийн гишүүд хийсэн тайлбартаа, мэдээллийн давхардлагыг арилгах, Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн, үндэсний хэмжээнд эрүүл мэндийн өгөгдөл солилцооны платформыг хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Харин эмнэлэг, эрүүл мэндийн өгөгдлийг салбарын хэмжээнд нэгдсэн хэлбэрээр ашиглаж чадахгүй байгаа нь өнөөдөр тулгамдсан асуудал болж байна гэсэн тайлбар хийв.

 

Асуулт, хариулт явуулж дууссаны дараа Байнгын хорооны дарга Н.Учрал Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2020 оны 02 дугаар тогтоолоор байгуулсан Ажлын хэсгийн хяналт шалгалтын тайланг хэлэлцэж, дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан тухай Байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулав.

Үүнд,

1.    Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хөрөнгө оруулалтын үр ашгийг судалж, төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах.

2.    Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт мэдээллийн технологийн аудитыг төрийн аудитын байгууллагаар гүйцэтгүүлж, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

3.    Иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Цахим эрүүл мэнд” төслийг эрчимжүүлж, эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн системийг цахим үйлчилгээний нэгдсэн систем  /e-Mongolia/-д холбох асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

4.    Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхтэй холбоотой гадаадын зээл, тусламжаар болон улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн уялдааг хангаж, давхардлыг арилгах, нэгдсэн бодлого, удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг салбарын яаманд үүрэг болгох.

5.    Эрүүл мэндийн салбарын цахим мэдээллийн нэгдсэн сантай байх, мэдээллийн аюулгүй байдал, нууцлал, хадгалалт, хамгаалалтыг хангах зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн Үндэсний дата төвийг түшиглэн цахим мэдээллийн сангийн ашиглалтыг сайжруулах, түүнтэй холбоотой дүрэм, журмыг боловсруулан мөрдүүлж ажиллах.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр тогтоолын төслийг дэмжив.

Цахим эрүүл мэнд төсөл нь 2016 оноос хэрэгжиж эхэлсэн ба тус төслийн зорилго нь Цахим эрүүл мэндийн шийдэл, эрүүл мэндийн мэдээллийн нэгдмэл байдал, хэрэглээг нэмэгдүүлэх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг одоогийн түвшнээс сайжруулах юм.

2020 онд хийгдсэн ажил: 7.6 сая ам.долларын төсөвт өртөгтэй “Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ хөгжүүлэн нэвтрүүлж, хэрэгжүүлэх, туршин нэвтрүүлэх” гүйцэтгэгчийг шалгаруулж гэрээ байгуулсан. 2.2 сая ам.долларын төсөвт өртөг бүхий “Дүрс архивлан хадгалах, солилцох системийг хөгжүүлэн нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, туршин нэвтрүүлэх, тоног төхөөрөмжөөр хангах” гүйцэтгэгчийг шалгаруулж гэрээ байгуулсан. 1.5 сая ам. долларын төсөвт өртөг бүхий “Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлэх компьютер, тоног төхөөрөмжийн тендерийн баримт бичгийг Дэлхийн банкаар хянуулж, тендер шалгаруулалтыг эхлүүлсэн.

Цахим шуудан: piu@ehp.mn

Утас:   77077793

Вэб хуудас: http://ehp.mn

Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Олимп 5, Аюуд тауэр 11 давхар 1103 тоот

 

 

НИЙТЭЛСЭН: 2021-06-15 өдөр 18:39:1 цаг